Европын cэргээн босголт, хөгжлийн банкны уулзалт Лондон хотод боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Европын cэргээн босголт, хөгжлийн банкны энэ жилийн уулзалт, бизнес форумыг Англи улсын Лондон хотод энэ сарын 13-15-нд зохион байгууллаа.
Банкны захирагч нарын ээлжит чуулганаар 2026-2030 онд хэрэгжүүлэх гурав дахь удаагийн стратегийн төлөвлөгөөг баталж, банкны үйл ажиллагааг Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутагт өргөжүүлж буйтай холбогдуулан Бенин, Кот д’Ивуар, Нигери улсыг банкны хүлээн авагч улсаар баталсан байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 2023 онд 143 сая евро байсан нь 2024 онд 264 сая евро болж тус банкны Монгол Улс дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж буй бөгөөд энэ удаагийн жилийн уулзалт, бизнес форумд Монгол Улсын банк, санхүү, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, Хаан банк 145 сая америк долларын хэлцлийг байгуулсан нь Монгол Улсын санхүүгийн байгууллагад тус банкнаас олгосон хамгийн өндөр дүнтэй санхүүгийн хэлцэл болж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн
банкнаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.6 тэрбум еврод
хүрсэн байгаагаас 74 хувийг хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байна.