Олон улсын музейн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна.
Энэ өдрийг 1977 оноос хойш жил бүр Олон улсын музейн зөвлөл соёлын солилцоо, харилцан баяжуулах, хүмүүс хоорондын ойлголцлыг хөгжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон харуулах зорилгоор тэмдэглэсээр ирсэн.
Энэ жилийн хувьд “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж байна.
Энэ жилийн сэдэв энэ оны 11 дүгээр сард Дубай хотод зохион байгуулах Олон улсын музейн зөвлөлийн их хурлын сэдэвтэй адил юм.
Эл өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй мянга мянган музейд тухайн оны сэдвийн дор бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулж, нийгмийн хөгжлийн төлөө олон нийтэд үйлчилдэг гэдгээ онцлон харуулдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх музейд Олон улсын музейн өдөрт зориулсан тусгай үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Музей нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд тэмдэглэлт өдрөөр эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, аж үйлдвэр, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгуудыг онцолдог. Музейнүүд нийгмийн дэвшилд хүргэдэг, дэлхий нийтийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг хөгжил хөдөлгөөнтэй орон зай юм.
Олон улсын музейн зөвлөл 129 улс орон, газар нутгийн 57 мянган музейн мэргэжилтнүүдийг төлөөлж буй олон улсын ТББ юм.