Энэ удаагийн номын баяраар байгаль, экологийн 50 номыг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-18 19:05:47

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ жилийн 37 дахь удаагийн үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриан дор болов.  


Улс орон даяараа шинэ бүтээл, ховор ном, номын зохиогчид, гадны орчуулгын бүтээлүүдтэй танилцаж, зохиолчидтой уулзаж, гурван өдрийг номоор амьсгалж өнгөрүүллээ. Жил бүр ном унших соёл, дадлыг хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын баярыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 


“Үндэсний номын баяр”-ын санаачлагч, “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч, ном зүйч Б.Сувд ярихдаа, “Зургаа дах удаагийн ном унших жагсаалтыг гаргасан 2025-2026 оны хичээлийн жилд байгаль, экологийн чиглэлийн онцлох 50 номыг монгол зохиолчдын болон орчуулгын бүтээлүүдээс сонгосноороо онцлогтой. Эдгээр номоор уншлага, бүтээлч тэмдэглэлийн уралдаан зарлах тул ЕБС-ийн сурагчдыг идэвхтэй оролцож номын сайн нөхөр болохын уриалж байна. Мөн ирэх хичээлийн жилд мод тарьдаг “My club” -ийн хүүхэд багачуудтай хамтран ажиллахаар болсон” гэв. 


ШУТИС-ийн түүхийн багш, “My club”-ийг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам ярихдаа, "Номд дуртай хүүхэд багачууд ирж энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаад баяртай байна. “Номын ертөнц” сэтгүүлтэй хамтарч 50 байгаль, экологийн номын жагсаалтыг гаргасан. Номын жагсаалыг маш олон удаа ярилцаж гаргасан. Их сонирхолтой номууд багтсан байгаа. Эдгээр номыг уншаад мэдсэн, сурсан, зүйлээ бусдадаа түгээгээрэй гэж хэлмээр байна.  Мөн “My club" нь 20 гаруй жил нийгэмд, залууст мод тарихыг уриалж ирсэн" гэлээ.


Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадынханд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцжээ.


Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.


Ташрамд дурдахад, намрын номын баяр есдүгээр сарын 19-21-нд болох юм.



Холбоотой мэдээ