Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг идэвхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-20 16:40:57

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч талын төлөөллийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон одоо үүсээд буй нөхцөл байдлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, нүүрсийг биржээр худалдах болсноор төсвийг орлогыг нэмж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ахиц гарсан. Гэвч гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ унаж, арилжааны идэвх сулраад байна. Засгийн газраас экспортыг нэмж, эдийн засгаа тэлэх, иргэн бүр байгалийн баялгаасаа хүртэх бодлого баримталж байна. Тухайлбал, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг эхлүүллээ. Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал болон бусад экспортын боомтыг ээлж дараалан төмөр замаар холбогдох боломж бүрдэж байна" гэлээ.


Худалдан авагч талын төлөөлөл энэ үеэр нүүрсний үнийн уналт, тодорхойгүй шалгааны улмаас үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулж, биржийн арилжааг цаашид идэвхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хийх тухай санал солилцов. 

Холбоотой мэдээ