Монгол, Индонезийн харилцааны түвшнийг шат ахиулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-22 11:59:58

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионотой албан ёсны хэлэлцээ хийв.

 

Гадаад харилцааны сайд нар нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Зүүн өмнөд Ази дахь манай чухал түншийн нэг болох Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд түүхт ойг угтан харилцааны түвшнийг шат ахиулан дэвшүүлэхийг санал болгож, ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулахад нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Гадаад хэргийн сайд Сугионо хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ боломжуудыг эрэлхийлэх, ирэх 70 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох зорилгоор Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргах болсныг онцлон дурдав. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Тухайлбал, хоёр улсын давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг харилцан зах зээлд нийлүүлэх, ялангуяа Монгол Улсаас ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Индонез Улсаас гар урлал, хатгамал зэрэг нэхмэл эдлэлийг импортлох замаар худалдааны эргэлтийг эрчимжүүлэхээр тохиров.

 

Энэхүү зорилтын хүрээнд сайд Б.Батцэцэг агаарын тээврийн шууд нислэгийг эхлүүлэх, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд, “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлснийг индонезийн тал талархан хүлээн авлаа. Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн Монгол Улсаас халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг индонезийн зах зээлд нийлүүлэх, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг холбоход дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов.


Сайд нар хоёр улсын иргэд хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжих нь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн, ирээдүй рүү чиглэсэн түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд боловсрол, соёл, спортын солилцоо, музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хоёр урсгалтай болгох замаар иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлд нягт хамтран ажиллах нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх түүхэн ач холбогдолтой алхам болохыг талууд онцоллоо.


Сайд Сугионо хоёр улсын залуу боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх нь хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал тулгуур багана болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын оюутан, залуусыг тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах замаар боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын ойр дотно харилцааг дэмжихээ илэрхийллээ. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ нотлов. Индонезийн тал Монгол Улсын бүс нутгийн яриа хэлэлцээг бэхжүүлэх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилтыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

 

Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумд (FEALAC) Гадаад хэргийн сайд Сугионо оролцохоо нотлоод, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын 10 дугаар бага хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Холбоотой мэдээ