“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн гишүүчлэлийн гэрчилгээгээ гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 17:37:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /Airports Council International/-ийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүс /Asia-Pacific and Middle East/-ийн гишүүн болсон билээ.


Тэгвэл өнөөдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-ийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүсийн захирал Стефано Барончи гишүүнчлэлийн гэрчилгээг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүод албан ёсоор гардуулав.


Швейцарын Женев хотод төвтэй тус байгууллагыг 1991 онд байгуулсан бөгөөд дэлхийн нисэх буудлуудын эрх ашгийг хамгаалан, салбарын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний стандарт, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, шилдэг туршлагыг дэлхий дахинд түгээн нэвтрүүлдэг ажээ. Түүнчлэн Засгийн газрууд, ICAO зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл, сургалтын өргөн боломж олгож, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлдэг бөгөөд одоогоор 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэй юм байна.


Тус байгууллагад нэгдсэнээр “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компаниас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, аюулгүй байдлын болон байгаль орчны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, агаарын тээврийн хялбаршуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах олон боломжийг бий болгож байна. Энэхүү алхам нь “Аюулгүй, тав тухтай, хэрэглэгчдэд ойр, өндөр түвшний үйлчилгээтэй нисэх буудал” байх зорилгын хүрээнд үйл ажиллагааг нэг шат ахиулж буй чухал үйл явдал гэдгийг онцоллоо.


Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүсийн захирал Стефано Барончи ярихдаа, “Бид “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт”-ыг нисэх онгоцны буудлуудынхаа эгнээнд нэгтгэж байгаадаа маш их баяртай байна. “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” бидний хувьд өөрчлөлт авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол Монгол Улсын агаарын үүд хаалга. Илүү хурдацтай хөгжихөд нь хамгийн сайн үйлчилгээг үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ази-Номхон далайн бүс нутаг бол дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байгаа юм. Үүнд Монгол Улс хувь нэмрээ оруулах боломжтой. Энэхүү бүс нутаг дахь том, дунд, жижиг нисэх онгоцны буудлуудыг төлөөлөх давуу эрх бидэнд бий. ACI-гийн үүрэг бол хөтөлбөр, үйлчилгээгээрээ дамжуулан хөгжлийг дэмжих явдал. Үүнд нисэх буудлуудын үйлчилгээнээс ялгарах нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, үйлчлүүлэгчид, зорчигчдын сэтгэл ханамжийг хэмжиж үйлчилгээг сайжруулахад туслах хөтөлбөрүүд, мөн ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах болон бусад олон үйл ажиллагаа багтдаг” гэв.


Харин “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүо “Энэ байгууллагын гишүүн болсноор мэдээллийг илүү өргөн цар хүрээнд авна. Түүнтэй уялдуулж олон улсын туршлагыг олох авах боломжтой болно. Энэ нь зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал төдийгүй Монголын иргэний агаарын тээвэр, нисэх хүчний салбарын цаашдын хөгжил, цэцэглэлтэд чухал холбогдолтой болох юм” хэмээн ярилаа. 







Холбоотой мэдээ