Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн санаачилгад нэгдэх сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-23 11:58:59

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо байрладаг АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, тус байгууллагын Ерөнхийлөгч Тэцүя Ватанабэтэй уулзав.


Сайд Б.Батцэцэг бүс нутгийн уялдаа холбоо, эдийн засгийн интеграц, тогтвортой хөгжлийг дэмжихэд ERIA-гийн гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлж, тус хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Цахим инновац, тогтвортой эдийн засгийн төв”, “Азид агаарын бохирдлыг бүрэн арилгах судалгааны төв”, “Эрчим хүчний судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ”, “Төрийн удирдлагын сургууль” зэрэг санаачилгад нэгдэн орох, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.


ERIA-ийн Ерөнхийлөгч Т.Ватанабэ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус судалгааны төв ойр хамтран ажиллах, сургалт судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол Улстай амжилттай хамтран ажиллаж ирсэнд баяртай байгаагаа онцлов. Уулзалтын төгсгөлд талууд бодлогын судалгаа хийх, чадавхыг бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.


АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнг (ERIA) 2008 онд байгуулсан бөгөөд бодлогын судалгаа хийж зөвлөмж гаргах, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөлийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх замаар Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, түншлэлийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэж ГХЯ-наас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ