ДОРНОД: Үлгэрт суурилсан арга зүйг сургалтдаа нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Цагаан-Овоо сумын цэцэрлэг сургалтдаа үлгэрт суурилсан арга зүйг нэвтрүүлжээ.
Бусад цэцэрлэгт үлгэр ярьж, цээжлүүлж, ойлгуулах арга барилаар сургалт явуулдаг. Харин Цагаан-Овоо сумын цэцэрлэгийн багш нар сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдүүдийн хэл яриа, байгаль, нийгмийн орчин, дүрслэх чадварыг хөгжүүлэхдээ үлгэрт суурилсан байна. Тодруулбал, тэд сургалтын орчин хэрэглэгдэхүүнээ бүрдүүлж, нэг үлгэрийг найман хэсэгт хуваан бүтэн сарын турш бусад хичээлтэйгээ холбох байдлаар зааж сургаж байгаа юм.
Сургалтаа голдуу монгол ардын үлгэрт тулгуурлаж байна. Энэхүү шинэ арга зүйг туршихад СӨБ-ын доктор Цэрэннадмид, БШУГ-ын арга зүйч Өнөрцэцэг нар удирдлага чиглэлээр ханган ажиллажээ.
Өнөөдөр Дорнод аймгийн хэмжээний 31 цэцэрлэгийн эрхлэгч,
арга зүйч нар энэхүү сургалтын арга зүйтэй танилцаж, туршлага судалж байна.