Дал гаруй орны төр, хувийн хэвшлийн манлайлагчид Астанад чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2025-06-05 15:14:01

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ, Европын холбоо болон 70 гаруй орны төр, хувийн хэвшлийн манлайлагчид 2025 оны 5-р сарын 29-30-ны өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астанад чууллаа. Энэхүү уулзалтаар энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг дэлхий дахины анхаарлын төвд буй асуудлуудыг хөндөн хэлэлцжээ.


Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев чуулганыг нээж хэлэхдээ, “Зэвсэгт мөргөлдөөн, худалдааны дайн зэрэг хүчин зүйлээс үүдсэн эдийн засгийн хохирол 19 их наяд ам.долларт хүрээд байна. Иймд улс орнууд аливаа асуудлыг яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах нь урьд урьдынхаас илүү чухал болж байгаа”-г онцлоод, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх санаачилга дэвшүүлжээ. Түүнчлэн Казахстанд хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлээс танилцуулсан байна. Тухайлбал, тус улс хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүчид суурилсан эдийн засгийг тэтгэж, "Крипто хот" байгуулах зорилт дэвшүүлжээ. Мөн NVIDIA компанитай хамтран секундэд хоёр квинтиллион (2 x 1018) нарийн үйлдэл гүйцэтгэх чадвартай супер компьютер суурилуулж, Казахстаны бизнес, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй болгохоо зарласан байна. Үндсэн хууль болон дагалдах хууль, эрх зүйн шинэчлэлээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жилээр хязгаарлахын сацуу парламентын чадавхыг нэмэгдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааг илүү хариуцлагажуулахад шат дараатай арга хэмжээ авч эхэлжээ. Астанагийн олон улсын форум нь харилцан бие биеэ хүндэтгэсэн улс орнуудын хамтын ажиллагааны тавцан болж өргөжнө гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч К.Ж.Токаев эцэст нь онцлоод, Казахстан улс 2026 онд бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдэгдсэн байна.



Астанагийн олон улсын форумд Монгол Улсаас эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан БНКУ-ын Шадар сайд Cерик Жумангарины урилгаар оролцож, Казахстаны олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчидтэй уулзаж туршлага солилцжээ.

Ташрамд дурдахад,  Астанад болсон тус олон улсын форумын хүндтэй зочдын нэг нь “Оюу толгой” ордыг нээж илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Роберт Фридланд байжээ. Тэрбээр форумын үеэр болсон тусгай ярилцлагын үеэр, “Өдөр ирэх тусам уул уурхайн салбар байгаль орчинд хал багатай болох чиглэл рүү шилжиж байгаа”-г дурдаад, олборлолтыг роботоор хийлгэх, эрчим хүч хэмнэсэн технологи хэрэглэх боломжуудыг сонирхуулжээ.

Форумын өмнөх өдөр БНКазУ-ын ерөнхийлөгч К.М.Токаев Роберт Фридландыг хүлээн авч уулзан “Айвенхоу Майнз” компанийн Казахстан дахь зэсийн хайгуул болон бусад асуудлаар ярилцсан аж.


 

Холбоотой мэдээ