ЗАВХАН: "Гэгээн муза 18" наадмаас Асарын өндөр жүжиг дөрвөн шагналыг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-25 17:39:52

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээл "Асарын өндөр" түүхэн жүжиг Олон улсын театрын "Гэгээн муза" наадмаас драмын жүжгийн төрөлд шилдэг номинацийн дөрвөн шагнал хүртжээ.


“Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтын Монголын төв хамтран НЗДТГ-ын ивээл дор “Гэгээн муза-18” олон улсын театрын шилдгүүдээ тодруулсан байна. Арван найм дахь удаагийн тус наадамд Монгол, Уганда, Дани, Словени, Хонконг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунисын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцжээ.


Гэгээн муза-18 наадмын драмын төрлийн "Шилдэг тайзны зураач" шагналыг Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл Асарын өндөр жүжгийн тайзны зураач С.Ариунболд агсан хүртлээ.

Драмын төрлийн "Шилдэг хөгжмийн зохиолч"-оор Завхан аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл Асарын өндөр жүжгийн хөгжмөөрөө хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарсан байна. Мөн наадмын драмын төрөлд "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг Завхан аймгийн Хөгжимт драмын театрын Асрын өндөр жүжгийн Хохой түшмэлийн дүрээрээ жүжигчин А.Цэрэнбалжир хүртлээ.

Гэгээн муза-18 наадмын театрын урлагт хөрөнгө оруулагч шилдэг ивээн тэтгэгч анхны муза-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын Асарын өндөр жүжигт хамтран ажилласан Огторгуйн цагаан гарьд сан хүртлээ.


Наадмын  нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын 92 бүтээл ирснээс 23 нь шалгарч, дөрвөн төрлийн 21 номинацад нэр дэвшин өрсөлдсөн байна гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.


Сонирхуулахад 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон.

Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.  


Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театртай хамтран тус олдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Асарын өндөр түүхэн аялгуут жүжгийг үзэгчдэд 2023 онд үзэгчдийн хүртээл болгожээ.


Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор СТА Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар СТА Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр СТА А.Отгон нар ажилласан байна. "Асарын өндөр" жүжигт Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид болон Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын 80 гаруй жүжигчид хамтран тогложээ.

Асарын өндөр жүжгийн уран бүтээлчид


Холбоотой мэдээ