Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-26 10:59:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

 

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

 

Үүний дараа Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

 

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.


Товч намтар

Төрсөн огноо: 1944 оны нэгдүгээр сарын 18


Боловсрол: 1950-1962 Инсбрук хотод бүрэн дунд боловсрол,

1962-1966 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны бакалавр,

1967-1970 Инсбрукийн их сургуульд Эдийн засгийн ухааны доктор.

 

Ажил эрхэлсэн байдал:

1968-1975 онд Инсбрукийн их сургуулийн дэргэдэх Төрийн санхүүгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,

1972-1974 онд Баруун Берлиний Шинжлэх ухааны төвийн Олон улсын захиргаа, удирдлагын хүрээлэнд судлаач,

1976-1980 онд Инсбрукийн их сургуульд дэд профессор,

1977-1980 онд Вена дахь Төрийн удирдлагын академийн зөвлөх,

1980-2009 онд Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор,

1990-1994 онд Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд дэд эрхлэгч, тэнхимийн эрхлэгч,

1994-2012 онд Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн,

1997-2008 онд Австрийн Ногоон намын хэвлэлийн төлөөлөгч,

1999-2008 онд Австрийн Үндэсний зөвлөл дэх Ногоон намын бүлгийн дарга,

2012-2015 онд Вена хотын Төлөөлөгчдийн хурлын гишүүн бөгөөд Хотын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

2017 оны нэгдүгээр сарын 26-наас Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений манай улсад хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.   








Холбоотой мэдээ