М.Батбаяр: Барилгын материалын ханган нийлүүлэлтийг цогцоор нь төлөвлөх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-27 15:31:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  НЗДТГ-аас тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. 


Манай улс барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг. Нийслэлд 2025-2028 онд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг явуулахад одоо байгаа эрэлт 2-3 дахин нэмэгдэхийн зэрэгцээ тээвэр логистикийн асуудал саатах эрсдэлтэй. Иймээс Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Ханган нийлүүлэгчдийн Зөвлөлтэй барилгын материалын логистикийн төв байгуулах  асуудлаар санал солилцож байна. 


Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр ярихдаа, Хүннү хотын хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах юм. Энэ хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ажил сарын өмнөөс эхэлсэн. Шинэ хотын бүтээн байгуулалтад ААН-үүдтэй хамтран барилгын материалын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Үүнийг төр дангаараа хийх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ хот тосгон, том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.


Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтай гэж тус салбарынхан үзэж байна.  

Холбоотой мэдээ