Монгол, Туркийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-28 14:33:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, бүлгийн гишүүн Д.Бум-Очир нар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Зулпхар, стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг шат ахиулах шинэ үеийн босгон дээр Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж амжилт хүсэхийн зэрэгцээ УИХ-ын дарга болон дэд дарга нарын мэндчилгээг уламжлав. Тэрбээр Монгол, Турк хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт найрсаг харилцааг өргөжүүлэхийн тулд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурьтайг тэмдэглэлээ.


Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилт тавьсныг дурдав. Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын хувиар, айлчлалын үр дүн биеллээ олж, бодит ажил хэрэг болгоход анхаарч, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн юм.


Элчин сайд Башак Гэнч Юксэл эрхэм гишүүдийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь харилцааны түүхэнд шинэ хуудас нээснийг тэмдэглээд, төрийн өндөр, дээд айлчлалын давтамж нэмэгдэж буйд таатай байгаагаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн түүх соёлын нийтлэг өв уламжлалтай, арвин түүх бүхий найрсаг харилцаатай манай хоёр орны хувьд өдгөө худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлэх нөр их нөөц боломж бий хэмээн тодотгов. Турк улсын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо. Цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа тэмдэглэв.


Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (TIKA) нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд нийт 50 сая ам.долларын өртөг бүхий 870 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Хоёр орны идэвхтэй хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд TIKA онцлох хувь нэмэр оруулсан хэмээн УИХ-ын гишүүн С.Зулпхар тодотгов. Түүнчлэн энэ хугацаанд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт манай улсаас нийт 2500 оюутан залуус хамрагдаж, эзэмшсэн мэргэжлээрээ салбар бүрт ажиллан, иргэд хоорондын харилцааны гүүр болж байгааг дуулгалаа.


УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээс гадна, түүх археологи, соёл хүмүүнлэгийн салбарын харилцааг шат ахиулах бодит санаачилгуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд стратегийн түншлэлд хүрсэн манай хоёр улсын харилцааг бататган бэхжүүлж, бодит үр дүнтэйгээр өргөжин тэлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа тулгуур хүчин зүйл мөн гэдэгт талууд санал нэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ