“БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ” нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-30 20:48:43

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Тус хурлыг БНМАУ болон БНХАУ найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулсны 65 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Эрдэм шинжилгээний хурлаар 1960 онд хоёр улсын найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулах үйл явц, ач холбогдол, мөн тухайн үеийн олон улсын нөхцөл байдал 1950-1960-аад оны БНХАУ-ын гадаад бодлого болон өнөөгийн хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцааны тулгамдсан асуудлыг олон нийтэд танилцуулж, салбарын судлаачдын байр суурийг хэлэлцүүлэв. 

1990-ээд оноос хойш харьцангуй богино хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны түвшинг шат ахиулан өсгөсөөр, цар хүрээгээ ч улам бүр өргөтгөсөөр ирсэн нь хоёр улс олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг баримтлан, харилцааны суурь зарчмыг сайн тогтоож чадсантай шууд холбоотой. Тэрхүү бат суурь зарчмыг 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд тусгажээ. Энэхүү гэрээ бол хүйтэн дайнаас хойших шинэ цаг үед хөрш хоёр улсын харилцааны суурь гэрээ мөн билээ. Энэхүү суурь гэрээ 1960 онд байгуулсан “БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ”-г шинэ нөхцөлд нийцүүлэн шинэчилж, зарчмын заалтуудыг уламжлан авч суурь болгон байгуулсан.

Хурлын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин "1960 оны тавдугаар сарын 31-ний өдөр “БНХАУ, БНМАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ”-г байгуулсан нь хоёр улсын харилцааны түүхэн дэх чухал тэмдэглэлт үйл явдал төдийгүй хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны чухал бэлгэдэл болсон юм. 1994 онд “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулснаар хоёр улсын харилцааг түүхийн шинэ үе шатанд авчирсан" хэмээн дурдлаа.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж илтгэлдээ, "Энэ гэрээ бол Монгол, Хятадын харилцааны үндсийн үндэс, суурийн суурь мөн. Энэ гэрээ бол хоёр улсын харилцаа бараг бүрмөсөн тасарч бүр дайсагнах түвшинд хүрсэн үед ч гэсэн хоёр ард түмний найрамдлын гол бэлэг тэмдэг болсоор иржээ. Энэ гэрээ бол хуучин ба шинэ цагийн найрсаг харилцааг холбогч гүүр. Хоёр өөр тогтолцоо цаг үе дэх хоёр улсын найрсаг харилцааг холбогч буюу эхнийх нь ололтуудын нэгтгэл байсан бол хоёрдахь нь ирээдүйн ололтуудын суурь болж өгчээ. Гэхдээ цаг яаж ч хүйтэрсэн, харилцаа яаж ч доод шатанд тулсан ч гэрээг цуцлах тухай саналыг аль аль талаас гаргаагүй билээ. Тиймээс энэ бол жинхэнэ “найрамдал”-ын гэрээ байжээ" хэмээн  онцлов.

Тэгвэл ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо ярихдаа, "БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээг урьд нь ярьдаггүй байсан. 1949 онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосноос хойш 11 жилийн түүхэнд олон асуудлыг шийдэж, гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь тухайн үеийн БНХАУ-аас Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцаа, монголд хятад ажилчдыг авчирч, зээл тусламжийн асуудлыг шийдсэн гэрээ юм. 1960-1990 оны хооронд гэрээ байгуулаагүй. Гэрээний гол үндсэн санаа нь Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар байсан. Гэрээний гүйцэтгэсэн үүрэг бусад баримт бичгүүдээс нэлээн онцлогтой. Тиймээс энэхүү хуралд  МУИС болон манай хүрээлэнгийн хятад судлаачид, эрдэмтэд хамтран энэхүү гэрээг тойрсон сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулж байна” хэмээн ярилаа.


1990 онд Монголын төрийн тэргүүн П.Очирбатын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэлд 1960 оны гэрээний зарчмыг цаашид даган баримтлахаа бататгасан юм. 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн 1960 оны гэрээ болон 1990 оны хамтарсан тунхаглалыг хоёр улсын харилцааг хөгжүүлэх гол баримт бичиг мөн гэдгийг батлав. 1994 онд Улаанбаатар хотноо уг гэрээний суурин дээр шинэчлэн байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсан билээ. Үүнтэй зэрэгцэн гаргасан Монгол, Хятадын хэвлэлийн мэдээнд 1960 онд байгуулсан “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ” хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцлон тэмдэглэсэн байна. 


Ташрамд дурдахад, 2024 онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулсны 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд шилжсэний 10 жилийн түүхэн ой тохиож байжээ. 1960 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээ нь тухайн цагийн манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлсэн юм.


Хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, МУИС-ийн эрдэмтэн судлаач болон Монгол Улсын ГХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцов.  





 

Холбоотой мэдээ