ӨВӨРХАНГАЙ: Орон нутгийн өмчит махны үйлдвэрийг дуудлага худалдаагаар хувьчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Өв эко мийт” ОНӨХХК-ийг
хувьчлах асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцлээ.
2017
оны 7 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 66-р
тогтоолоор тус орон нутгийн өмчит компанийг байгуулж, АНУ-ын JARVIS компаниас 394 сая төгрөгийн
өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж байв.
Мөн 2019 онд БНХАУ-ын “Цан цэн тиян” ХХК-ийн 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бод, богийн шугам суурилуулж, өдөрт 600-800 бог, 150-200 бод мал төхөөрөх хүчин чадалтай ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд уг махны үйлдвэрийг хувийн хэвшилд түрээслэх байдлаар алдагдалтай ажиллуулж иржээ. Тодруулбал, 2024 оны эхний улиралд “Танасан интернейшнл трейд” ХХК нь малчдаас 2000 орчим толгой хонь авч, 40 тн мах бэлтгэн 40 гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажилласан байна. Гэвч аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн дүгнэлтээр эрсдэлтэй хэмээн албан шаардлага хүргүүлснээр 33 сая төгрөгийн засварыг хийгээд байгаа аж.
Аймгийн ИТХ-аас томилсон ажлын баг газар дээр нь үзэж танилцаад нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, орлогыг
орон нутгийн төсөвт төвлөрүүлэх саналыг танилцуулж байгаа юм. Уг асуудалд төлөөлөгчид
хоёр талын байр суурьтай байгаа ба бүс нутгийг хангахуйц том хэмжээний агуулах,
зоорь, газартай учраас үнэгүйдүүлэхгүй байх, худалдан борлуулсан орлогыг эргээд
малчид, иргэдээ дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулахыг ёстойг хэлж байлаа.