Эрүүл мэндийн салбарынхан “IGM” цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-01 14:00:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил Улаанбаатар хотын найман байршилд мод тарина.


Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын 300 гаруй алба хаагч Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр гурван төрлийн мод суулгаж, усалгаа хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна хэмээн зарлаж, орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа. Бид мод тарьж ургуулах ажилд хувь нэмэр оруулснаар байгаль орчноо хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөө үзүүлж байна. Ингэснээр иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл амьдрах нөхцөл бүрдэх юм. Мод суулгаад орхилгүй арчилж ургуулах үйл хэргийг үргэлжлүүлэн хийж байхыг мод тарьж буй хүмүүст хандан уриалмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах болно” хэмээн онцлов.


2025-2027 онд мод тарих хөдөлгөөнөө эрчимжүүлж 570 сая, 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьснаар мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөх онуудынхаас 5-6 дахин нэмэгджээ.


 

Холбоотой мэдээ