Алим, чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт маань хүүхдүүд жимс түүж, хөөцөлдөн тоглоосой гэж хүсдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дуламын Сэргэлэнбаатар гэх энэ залуу найман жилийн өмнө том хүүгээ төрөхөд жимсний мод тарихаар шийдэж, Сибирийн эрс тэс нөхцөлд ургадаг модыг Дорноддоо нутагшуулсан юм. Түүгээр зогсохгүй “Хэрлэн голын алим-5000” төслийг эхлүүлж, 2030 он гэхэд томоохон агропарк, аж ахуй, сургалт судалгааны төв байгуулах зорилго тавьж амжилттай хэрэгжүүлж байна.
-Хоёр жилийн өмнө уулзахад төсөл хэрэгжүүлэх 10 га газрынхаа цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа талаар ярьж байсан санагдана. Энэ ажлынхаа ард гарч чадаж ээ?
-Тэгсэн. Гурван жилийн өмнө "Хэрлэн голын алим-5000" төслийг санаачилж, 2030 он гэхэд Дорнод аймагтаа 5000 алим, чавганы мод, дагалдуулж 30-40 мянган бусад төрлийн модтой агро ойн аж ахуй, сургалт судалгааны төв байгуулахаар ханцуй шамлан ажилдаа орж байлаа. Энэ хугацаанд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээж зүтгэсэн. Одоогоор 3 га газарт төлөвлөлт хийж, талбайдаа зурвас тариалалтаар 10 мянган улиас, бургас, бойжуулалтын талбайдаа буйлс, гүйлс, улиас, монос, тавилган зэрэг 25 мянга орчим мод тариад байгаа. Мөн алим, чавганы модны эх плантазыг бий болгосон. Саяхан 10 Квт-ын нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна даа.
-Алим, чавгыг жимсний үрээр тарихаас илүү тухайн нутгийн хөрсөнд дасан зохицож ургасан модноос үрслүүлж ургуулах нь илүү гэж Та ярьж байсан. Жинхэнэ тариалалтаа хэдийнээс эхлүүлэхэв?
-Ирэх жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь яг энэ нутгийн хөрсөнд дасан зохицсон таван настай модноосоо үрслүүлж тарихыг чухалчилж байгаа. Тиймээс цэцэрлэгийнхээ эх модыг л одоо ургуулж байгаа гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн үүднээс тайлбарлах юм бол залгаа хийх технологиор алимны мод ургуулж байгаа гэж хэлж болно. Бага малыг төллүүлбэл давжаардагтай адил модыг хэтэрхий жижиг байхад нь жимсийг нь олон болгохыг зорьвол тухайн мод шим тэжээлийн дутагдалд орж давжаарах эрсдэлтэй байдаг юм. Ирээдүйд алим чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт гэр бүлүүд очиж, өөрсдөө жимсээ түүж, хүүхдүүд нь хөөцөлдөн тоглоосой гэж би хүсдэг. Бас бяцхан жаалуудад байгаль дэлхийн өгөөж, хөдөлмөрийн үр шимийн талаар танин мэдүүлж, ой тойнд нь суулгаж өгөхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөл маань эхнээсээ биелж байна.
-Танай гэрийн хашаан дахь модонд ургасан алимны амт импортын жимстэй харьцуулахааргүй амт шимттэй санагдсан. Ер нь тарьсан модноосоо хэдий хугацааны дараа ургац авах боломжтой байдаг бол?
-Манайх хашаандаа жимсний мод тариад гурван жилийн дараа анхны ургацаа хурааж байсан. Ковид цар тахлын хөл хориотой байсан үе л дээ. Түүнээс хойш намартаа л гэхэд зөвхөн хашаан дахь 40-өөд модноосоо 300 гаруй кг алим, чавга хурааж авдаг. Бас ганц ширхэг тоорын мод маань 30 гаруй кг жимс өгдөг. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан модныхоо жимсээр орсон гарсан ах дүүсээ дайлж суух ч сайхан шүү дээ.
-Жимсний мод нарийн тордолгоо арчилгаа шаарддаг байх?
-Байгальд дасан зохицож ургаагүй, анхнаасаа агротехникийн аргаар ургуулж байгаа учраас энгийн гоёлын модыг бодвол арчилгаа тордолгой мэдээж их. Шувууны сангас, малын өтөг бууцаар бордож, хавар нахиагаа дэлгэж цэцэглэх үеэр нь сайтар арчилж хамгаалах ёстой байдаг. Хэдий олон цэцэг авч үлдэж чадна, төдий хэрийн алим жимс ургана шүү дээ. Баяжих айлын бяруун гунж тугалладаг гэдэг шиг энэ хавар нэг, хоёр настай модод маань хүртэл цэцэглэсэнд олзуурхаад байгаа.
-Нас биед хүрсэн алимны нэг модноос 100-гаад кг алим хурааж авах боломжтой гэдэг юм билээ. Танай өрхийн ургац жилээс жилд л арвин болох нь ээ?
- Алимны мод 7 метр хэртэй өндөр ургадаг шүү дээ. Нэг мод 70-80 жил насалдаг. Нас биед хүрсэн нэг модноос 90-120 кг алим хурааж авч болдог. Манайх тав, зургаан настай нэг модноосоо 20 гаруй кг алим хураадаг. Тэгэхээр танайх хашаандаа алимны 3-5 ширхэг модтой байхад л импортын алим худалдаж авах шаардлагагүй болно.
-Танайхаас үлгэр дуурайлал, зөвлөгөө авч хашаандаа жимсний мод тарьсан айл хичнээн байна вэ? Та бас “Дорнод аймгийн алим, чавганы мод тариалагч” цахим хуудсыг хөтөлдөг. Цахим хуудсаар тань зочлоход тун сонирхолтой мэдээлэл зөвлөгөөнүүд харагдана лээ?
-“Өөрөө үр жимсийг нь идэхгүй ч үр хойчдоо алимны мод тарь” гэдэг Орос ардын үг бий. Хашаа хороотой айлууд хэрэгцээний жимс ногоогоо өөрсдөө тарьж, орон сууцныхан нутгийнхаа хөрсөнд ургасан жимс ногоог худалдан авах боломжийг бүрдүүлэх л чухал гэж би үздэг. Тэр ч үүднээс хавар, намартаа цөөн тооны үрсэлгээ зах зээлд нийлүүлж хэвшсэн. Надаас алимны модны үрсэлгээ авч, хашаандаа тарьсан айлууд үр жимсээ хурааж, ашиг шимийг нь хүртэж эхэлсэн шүү дээ. Сүүлийн хэдэн жилийн дотор 800-гаад айлд алим, чавганы модны үрсэлгээ худалдан борлуулж, тэр бүрт зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцаж байгаа.
-Баярлалаа.