Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээр үндэснийхээ өв соёлыг дэлхийд таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-03 16:39:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.


Тодруулбал, Дэлхийн шилдгүүд Монголын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 23-29-нд чуулах юм.


Тэмцээнд 30 гаруй орны эрэгтэй, эмэгтэй шилдэг баг оролцож шилдгүүдээ тодруулна.

Монголд анх удаа зохион байгуулж буй олимпын төрлийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын 700 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэх юм. Энэ үеэр Монголын өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах боломж бүрдэж байгаа аж. 


ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээнийг энэ сарын 18, 19-нд эх орондоо хүлээн авах юм. Тус тэмцээнд Герман, Канад, Франц, Австрали зэрэг дэлхийн шилдэг эмэгтэй багаас гадна Монголын шигшээ баг, “Улаанбаатар Амазонс” “Амгалан U24” баг оролцож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх ажээ. Харин энэ сарын 20, 21-нд эрэгтэйчүүдийн “Их дуулга” ангиллын тэмцээн болох бөгөөд 3x3 мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 баг оролцож, Монголоос “Улаанбаатар энержи”, “Завхан Сайнскор” баг тоглоно. Монголд болох энэхүү тэмцээний бэлтгэл ажил болон шигшээ багийн бэлтгэлийн талаар МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалаас тодрууллаа.


-Монгол Улсад анх удаа болох гэж буй энэхүү тэмцээнд хүлээлт хэр байгаа вэ. Бэлтгэл ажил ямар шатандаа яваа бол?

-Монголд болох гэж байгаа хамгийн том тэмцээн учраас бэлтгэл ажлаас эхлээд зохион байгуулалтад маш их анхаарч ажиллаж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй баг сүүлийн жилүүдэд 3х3 төрөлд тогтмол амжилттай тоглож байгаа нь бахархууштай. Олимп, дэлхийн аваргын медальтнууд ирж байгаа учир тэмцээний өрсөлдөөн ямар байх нь тодорхой. Тэр хэрээр Монголын нэр хүнд дэлхийд гарах учраас хариуцлагатай байх ёстой. Тиймээс зохион байгуулалтын багийнхан бүх тал дээр хичээж ажиллаж байна. Монголчууд өндөр зэрэглэлийн тэмцээнийг хүлээн авах чадалтай гэдгийг бид харуулах болно.


-ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн анхаарал татаж байна. Тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Спортын аль ч холбоо шигшээ багаа бүрдүүлэхийн тулд тодорхой дүрэм баримталдаг. Энэ дагуу манай холбоо ч дүрмийнхээ хүрээнд шийднэ. Бид эхлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлана. Дараа нь тамирчдын бэлтгэл ямар байгаагаас хамаарч эцсийн бүрэлдэхүүнээ сонгож, зарлана.


-Тамирчдын бэлтгэл бэлтгэл хэр байгаа вэ?

-Манай баг тамирчид “Уран ган”, “М банк арена”, “Сэлбэ” гэсэн газарт бэлтгэлээ тогтмол хийж байна. Энэ жил манай эрэгтэй гол тамирчид үндэсний дээд лигт тоглоогүй. Маш өндөр ачаалалтай байдаг учраас өвлийн улиралдаа амраад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлдээ гарсан.


ДАШТ-д оролцох манай эрэгтэй баг “B” хэсэгт сагсан бөмбөгийн эх орон АНУ, Токиогийн олимпын аварга Латви, Азийн хамгийн хүчирхэг баг Япон, Европын шилдгүүдийн нэг Монтенегротой багтсан. Харин эмэгтэйчүүд “D” хэсэгт өнгөрсөн жилийн Парисын олимпын аварга Герман, мөнгөн медальт Испани, Америк тивийн хүчирхэг баг Бразил, Европын Украинтай орсон байна. 

Холбоотой мэдээ