Гамшгийн эрсдэлийг багасгах асуудлаар 130 гаруй орны төлөөлөгч чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-05 10:14:17

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Гамшгийг бууруулах газраас Швейцарын Холбооны улсын Засгийн газартай хамтран Женев хотноо “Гамшгийн эрсдэлийг багасгах дэлхийн платформ"-ын VIII хуралдаан болж байна. 


Тус хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцож байна.


Чуулган “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор “Одоо болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, тодорхой бус нөхцөл байдлыг хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд тохируулан удирдах нь”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад жендэрийн тэгш байдал, оролцоог эрхэмлэх нь”, "Хамтын, тогтвортой ирээдүйн төлөө шаардлагатай үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр болж байна.


Дэлхийн 130 гаруй улс орны 4000 гаруй төлөөлөгч оролцож буй тус чуулганы гамшгийн эрсдэлийг багасгах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд хийж буй гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн улмаас учирсан хохирол, хийсэн ажил, гамшгийн эрсдэлийг багасгах хөрөнгө оруулалтын талаар санал, мэдээлэл солилцов. Мөн КАДРИ үнэлгээний багаас 2023-2024 онд Монголд хийсэн гамшиг, уур амьсгалын эрсдэлийг багасгах чадавхын үнэлгээ болон тус хуралдаанаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Гамшгийн эрсдэлийг багасгах зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцжээ.


Дээрх чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт, онцлох, олон талт, сэдэвчилсэн, салбар хуралдаанууд болж байна.

Холбоотой мэдээ