“Go Mongolia” үндэсний брэндээрээ “KOTFA 2025” үзэсгэлэнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-05 10:54:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улсын аялал жуулчлалын компаниуд “Go Mongolia” үндэсний брэнд нэрийн дор Дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэн (Korea World Travel Fair)-д оролцож байна.


Монгол Улсад өнгөрсөн онд нийт 727 мянган жуулчин ирсний 194 мянга буюу 26.7 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байв. Тэдний 80 гаруй хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор иржээ. Энэ нь хоёр улсын аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг харуулж байгаа юм. Иймд Солонгосоос манай улсыг зорин ирэх жуулчдын тоог улам нэмэх зорилгоор ССАЖЗЯ, НАЖГ, “Улаанбаатар театр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны 9 тур оператор компанийн 28 төлөөлөл оролцож байна.


Үзэсгэлэнд оролцогчид жуулчдад зориулан мэдээлэл түгээж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан, бизнес уулзалтууд хийж, ардын урлаг, соёлын тоглолтоо сонирхуулах зэрэг өргөн үйл ажиллагаа зохион байгуулж байна.


Дөчин жилийн түүхтэй, БНСУ дахь хамгийн томд тооцогдох дэлхийн аялал жуулчлалын Солонгосын үзэсгэлэнд жил бүр 40 гаруй улс оролцож, аялал жуулчлалын нөөц боломж, өв соёлоо сурталчлан таниулдаг. Тус үзэсгэлэн гадна, дотнын болон орон нутгийн аялал жуулчлалыг уялдуулан олон улсын бизнесүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.


Холбоотой мэдээ