БУЛГАН: Хөдөөтэй танилцъя-амралт, сургалт, аялал өнөөдрөөс зочдоо хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-09 13:32:14

Булган, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Моносын тохойн аж ахуйд малчин айлын дэргэдэх амралт өнөөдрөөс амрагчдаа хүлээн авч байна. Моносын тохой нь Улаанбаатар хотоос 529 км, Булган аймгийн төвөөс 145 км, Хутаг-Өндөр сумын төвөөс 15 км-т байдаг.


Хөдөөтэй танилцъя-амралт, сургалт, аялал нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж, даваа гарагт 12.00 цагаас бямба гаргийн 12.00 цаг хүртэл хичээллэж, сардаа 50-60 айл, жилдээ 400-600 айл амраахаар төлөвлөсөн байна.


Булган аймаг нь аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгон баталж, үүнтэй уялдуулан "НИТАЖ" буюу нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжиж, байгальд ээлтэй, орон нутгийн иргэдийн оролцоотой байгалийн, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон ажил төлөвлөж, шийдвэрлэж байгаа аж..


Зуны амралтаа зугаатай атлаа үр дүнтэй өнгөрөөх хүсэлтэй аав, ээж нар хүүхдүүдээ дагуулаад жирийн малчин айлд, хөдөөгийн аж байдал, уламжлалт мал аж ахуйтай танилцаж, үзэсгэлэнтэй байгалийг танин мэдэж, хөл нүцгэн гүйж, голын усанд шумбаж, усны шувуудыг дэргэдээс нь харахын зэрэгцээ өрхийн аж ахуй эрхлэх талаар ойлголт авч, аж ахуйн амьтад тэжээж, хонь үнээ сааж, малчны хотонд хүүхдийн хүмүүжлийн хичээл сургалт, ярилцлагад хамрагдах "Хөдөөтэй танилцъя - амралт, сургалт, аялал"-ыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Х.Энхбилигийн гэр бүл санаачлан хэрэгжүүлж байна.


Х.Энхбилэг: Манайд ирж үзье, байрлаж зусъя, хүүхдүүдээ зуны амралтаар нь явуулж хөдөөгийн ажилд сургая гэсэн хүмүүсийн хүсэлт бидэнд байнга ирдэг. Хотоос хөдөөд шилжин суурьшсан учраас хотын хүүхдүүдийг ойлгож, хөдөөтэй танилцуулна гэж итгээд найз нөхөд маань хүүхдүүдээ явуулж манайд амраадаг. Тиймээс ноднин жилээс хойш судалж, төлөвлөж, бэлдэж байгаад энэ зун манайд ирж амрах хүсэлтэй хүмүүсийг хөдөө гэртээ гэр бүлээр нь хүлээж авахаар болсон юм.

Манайх хүүхдийн зуслан биш, "хөдөлмөр зуслан" бүр ч биш учраас хөдөөгийн айлд ирж, хөдөөтэй танилцан, өрхийн аж ахуйд дадлага хийнгээ хүүхдийн хүмүүжлийн талаар суралцаж, бусадтай санаа бодлоо солилцон, хүүхэдтэйгээ ажиллах эв дүй, арга барилд суралцах боломжтой.

Моносын тохойн аж ахуй

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Х.Энхбилигийн эрхэлдэг өрхийн аж ахуй бөгөөд сумын төв болон Тээл багийн нутагт орших Моносын тохойн өвөлжөөнд байрладаг.


Малчин Х.Энхбилэгийнх  

2020 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Улаанбаатар хотоос шилжин ирж амьдарч байгаа бөгөөд таван хошуу малаас хонь, ямаа, үхэр, адуу маллаж, тахиа, гахай, цацагт хяруул, нугас гэх зэрэг амьтад тэжээж, өрхийн хэрэгцээндээ нарийн ногоо тарьж ургуулах зэргийг туршиж, суралцаж байгаа хөдөлмөрч малчин гэр бүл.


Хөдөө орон нутагт шилжин суурьшихыг уриалж, 2020 онд “Хөдөө амьдарцгаая” иргэдийн хөдөлгөөнийг хамтран санаачилж “Хөдөө амьдарцгаая-Хутаг-Өндөрийн мэдээллийн өдрүүд”-ийг зохион байгуулахад оролцож, засгийн газрын “Хөдөөгийн шинэчлэл” хөтөлбөрт санал бодлоо хэлж, оролцож байсан.


Ямар ч хүн монгол нутагтаа таван хошуу малаа маллаад, орчин үетэй хөл нийлүүлэн амьдрах боломжтой байгаасай гэж хүсдэг. Тиймээс жил бүр хөдөө шилжин амьдрах сонирхолтой 200-300 хүнийг гэртээ хүлээж авч, нөхцөл байдлаа танилцуулж, хөдөө орон нутагт амьдрах талаар санал солилцож, зөвлөж, бас найз нөхдийнхөө өсвөр насны хүүхдүүдийг зуны улиралд хүлээн авч, хөдөөгийн ажил, амьдралын талаар зааж сургаж байгаа.

 

"Хөдөөтэй танилцъя - амралт, сургалт, аялал" хөтөлбөр

Малчин айлын дэргэд ирээд амарч тухлан, байгалийн сайхныг мэдэрч, монгол уламжлалт амьдралын хэв маягийг үр хүүхдэдээ мэдрүүлэн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зөвхөн хот суурин газрын төдийгүй аймгийн төвийн иргэд, гадаадад амьдарч байгаа монголчууд хүсдэг болсон байна


"Хөдөөтэй танилцъя-амралт, сургалт, аялал" хөтөлбөрийн дагуу хүүхдийн хүмүүжлийн сургалт, ярилцлагад хамрагдаж, сурсан зүйлээ хэрэгжүүлж, хүүхдүүдтэйгээ ажиллаж, хүүхдийн хүмүүжилд анхаарч, суралцах хүсэлтэй бусад гэр бүлтэй холбогдож, нөхөрлөх боломжтой. Манайх нэг дор таван гэр бүлийг хүлээж авах боломжтой бөгөөд та бүхэн “өөртөө үйлчлэх” маягаар амраарай. Бид нэг удаагийн ээлжээ долоо хоногийн даваа гаригт гэр бүлүүдийг хүлээж аваад, бямба гарагт хүртэл зургаан өдөр, таван шөнө байхаар төлөвлөсөн.


Хүүхдийн хүмүүжлийн талаарх сургалт, ярилцлага хуваарийн дагуу зохион байгуулах ба голын эргээр зугаалж олон төрлийн усны шувуудыг харах, завиар аялах, морь унах, ямаа сааж, сүүг нь боловсруулах, олон жил хураасан малын бууцанд тарьсан хүнсний нарийн ногоо арчилж хоолондоо хэрэглэх, хонь мал хариулж үзэх, аж ахуйн амьтад тэжээх, орон нутагт байдаг түүхэн дурсгалт газруудаар явган аялал хийх зэрэг бусад сонирхолтой зүйлсийг та бүхэн өөрсдийнхөөрөө төлөвлөн хийх боломжтой.











Холбоотой мэдээ