ТӨВ: Хот хоорондын тээвэрт захиалгат үйлчилгээг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-06-11 10:21:52

Зуунмод 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Зуунмод сум Улаанбаатар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж захиалгат үйлчилгээг нэвтрүүлжээ. 


Өнөөдрийн байдлаар Драгон чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл болох бага болон дунд оврын тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Захиалгат тээврийн үйлчилгээ нэвтэрч эхэлснээр олон чиглэлд зорчих боломж нэмэгдэж байгаа юм. 


Төв аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэнгээс тодруулахад, "Орон нутаг талаас зорчих бол Авто тээврийн төвөөс, Улаанбаатар талаас Эрэл болон Цамбагаравын м-март үйлчилгээний төвөөс явж байна. 


Мөн Зуунмод сумаас зүүн талаараа Тэнгэр плаза болон Дүнжингарав гэсэн 2 чиглэлд тээвэрлэлт хийх зогсоол, маршрутын судалгааны ажил хийж байна.


Захиалгат үйлчилгээ буюу такси үйлчилгээ драгон чиглэл рүү зогсоолын хүрэлцээгүй тул явах боломжгүй. Харин тус чиглэлд Баянчандмань хурд хоршоотой хамтарсан нийтийн тээвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулна.


Мөн Алтан жолоо, Найзуудын зам хоршоодтой хамтран бага оврын болон дунд оврын нийтийн тээврийг Лавай худалдааны төв чиглэлд явуулахаар Авто тээврийн үндэсний төвд санал хүргүүлээд байна" гэв. 

Холбоотой мэдээ