Сонгууль ажиглах Азийн жишиг төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-12 10:04:44

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсад “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулах асуудлаар санамж бичиг байгууллаа.


Гарын үсэг зурах ёслол Швед Улсын нийслэл Стокхолм хот дахь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнд болов. Санамж бичигт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар энэ сарын 10-нд гарын үсэг зурсан юм.


Тус ёслолд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лина Рикила Таман болон албаны төлөөлөгчид оролцлоо.


“Сонгууль ажиглах Азийн жишиг төв” нь ардчилсан, шударга сонгуулийг ажиглах зарчим, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, ажиглалтын арга зүйг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон ажиглагчдыг чадавхжуулах, сонгууль ажиглалтын тайлан, зөвлөмжийн чанарыг сайжруулах зорилготой бүс нутгийн төв болон ажиллах юм гэж СЕХ-ноос мэдээллээ.


Холбоотой мэдээ