Төрийн байгуулалтын байнгын хороо Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит
сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал
авсан МАН-аас Г.Занданшатарыг
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг зургаадугаар сарын
10-нд Ерөнхийлөгчид ирүүлсэн. Үндсэн
хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Г.Занданшатарыг
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна.
Г.Занданшатар 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987
онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын
Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч
мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Тэрбээр ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд ХААН банкны
дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд,
2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны
чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна хэмээн
танилцуулав.
Хэлэлцэж
буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж, байнгын хорооны
санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.