ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-06-14 09:04:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Олон улсын валютын сантай олон жилийн турш үр дүнтэй, хамтран ажиллаж ирснийг онцлоод, Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Тэрбээр, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн төсвийн тэлэлтийг шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зогсоож, энэ оны төсвийг 2024 оны түвшинд хүргэж батлахыг зорьсон. Гэвч экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн коксжсон нүүрсний үнийн уналтаас төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн тул Ерөнхий сайд төсвийн тодотгол хийж, хэмнэлт рүү чиглэх бодлого барихыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн УИХ, Төсвийн байнгын хорооноос хурдацтай тэлсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ажлын хэсэг гарган судлуулж байгааг дуулгалаа.


Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргасан, удахгүй зөвлөмжөө хүргүүлнэ гээд, цаашид Олон улсын валютын сан бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ