БАЯН-ӨЛГИЙ: Уул уурхайн салбарын хэлэлцүүлэг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарын санаачилгаар Улаанбаатар хотод Баян-Өлгий аймгийн уул уурхай ба бизнесийн нээлттэй түншлэлийн зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн газар нутагт ашиглалтын болон хайгуулын 92 тусгай зөвшөөрлийг
эзэмшдэг 48 аж ахуйн нэгжүүдээс 38 аж ахуйн нэгжийн төлөөлөл 65 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Е.Зангар нээж, Баян-Өлгий
аймгийн хөгжлийг хурдасгах 5 мега төслийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн “Энэхүү зөвлөгөөнийг
зохион байгуулах болсон гол шалтгаан нь аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын
болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг гадаад, дотоодын хөрөнгө
оруулагч талуудад холбож өгөх ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд
оруулах” хэмээн онцлов.
Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн
бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн Уул уурхай, үйлдвэр, худалдаа
үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Айтуган “Орон нутгийн хөгжил ба уул уурхайн
өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр дэлгэрэнгүй
мэдээлэл танилцуулав.
Тус зөвлөгөөнд Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсен,
С.Замира, мөн Ашигт малтмал, Газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга
Т.Зуннаст нар урилгаар оролцож мэдээлэл өглөө.
Түүнчлэн тус хэлэлцүүлэгт оролцох аж ахуйн нэгжүүдийн санал, байр суурийг нь нэгтгэн, салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэхээр зорьж байна. Уг үйл ажиллагаа нь уул уурхайн салбарт ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж байгаа юм.



