Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулгынхаа эхэнд, Үндсэн
хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг УИХ,
Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн
заасны дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байгаагаа тодотгов. Ерөнхий
сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд,
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад
Ням-Осорын Учрал,
Шадар сайдад Тогмидын Доржханд,
Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн
Бямбацогт,
Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг,
Сангийн сайдад Болдын Жавхлан,
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням,
Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын
Батбаатар,
Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдад Тилеуханы
Аубакир
Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын
Ундрам,
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад
Энхтайваны Бат-Амгалан,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын
Энхбаяр,
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын
Батшугар,
Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн,
Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг сайд нар давхар хариуцан гүйцэтгэх боломжтой хэмээн үзсэн гэдгээ хэллээ. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууж, тайлбар авав.
Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд захирамжаа гардуулсан тул чуулганы хуралдааныг 30 минут завсарлуулав. Улмаар Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, Төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурсан юм. Үүгээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн үүрэгт ажилдаа оров.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуульд “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн
газрын гишүүнийг УИХ-д танилцуулсанд тооцох бөгөөд УИХ-аас
аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан. Энэ дагуу Засгийн газрын
гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг УИХ ийн сонсов.