ӨМНӨГОВЬ: "Гурвансайхан" нисэх буудлын зурвас шинэчлэлийн ажил дуусаж, ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч, буух хатуу хучилттай зурвасыг шинэчилж, 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч, буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орсноор нэг удаагийн нислэгээр 70 гаруй зорчигчийг тээвэрлэх хүчин чадал бүхий CRJ-700 маягийн агаарын хөлгийг хязгаарлалтгүй хүлээн авах, цаашлаад аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх зэрэг олон боломж бий болж байна.
Шинэчлэлийн ажлын хүрээнд “Гурвансайхан” нисэх
буудлын 3С аэродромын хөөрч буух зурвас, явгалах зам, төгсгөлийн аюулгүйн
зурвас, хажуугийн аюулгүйн зурвас, эргэлтийн талбайн тохиромжгүй материалыг
ухаж зайлуулах болон ухмал байгуулах, зөөврөөр далан байгуулах, хөлдөлтөөс
хамгаалах үе байгуулах, буталсан чулуун суурь байгуулах, шингэн цацлага, суурь
асфальт бетон хучилт хийх, битум түрхлэг, өнгө асфальт бетон хучилт хийх, будган
тэмдэглэгээ хийх, хажуугийн аюулгүйн зурвасын далан байгуулах, тэгшилгээ, аэродромын
гэрэл суултын системийг шинэчлэн байршуулах зэрэг нийт 10 үе шаттай ажлуудыг
техникийн шаардлагын дагуу 50 хоногт амжилттай гүйцэтгэж ашиглалтад ийнхүү оруулжээ.
Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд говийн бүс нутгийн дэд бүтэц, агаарын тээврийг хурдтай хөгжүүлэх нь нэн чухал байна
Нээлтийн
ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат,
“Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд, “Чамбай зам” ХХК-ийн үйл
ажиллагаа хариуцсан захирал М.Хаш болон нутгийн иргэд оролцлоо.
Нисэх буудлын зурвас шинэчлэлийн ажил
хийснээр иргэний агаарын тээврийн үйлчилгээг Өмнөговь аймгийн иргэд, зочид олон
улсын түвшинд авах, нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач
холбогдолтой юм.
"Гурвансайхан" нисэх буудлын хувьд 2024 онд нийт 2134 нислэг үйлдэж, дотоодын 27137 зорчигч, гадаадын 33972 жуулчин тээвэрлэсэн байна.
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх:
-“Гурвансайхан” нисэх онгоцны буудал нь 68 жилийн түүхтэй. Анх 1957 оны 12 дугаар сарын 6-ны өдөр нислэгээ үйлдэж байсан. Түүнээс хойш шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Харин 2024 оны төсөвт шинэчлэл хийх төсөв сууж, 2025 онд энэхүү ажлыг хийж ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр нийгэм, эдийн засаг болон олон улсын аялал жуулчлалын чиглэлд нэлээд эерэг ахиц үзүүлэх ажил болж, бид хамтдаа хийж чадсандаа баяртай байна. Энэ нисэх зурвас ашиглалтад орсноос өмнө нь 20 тоннын онгоцыг хүлээж авдаг байсан бол одоо PRJ, CRJ, 700 , 191 зэрэг загварын онгоцуудыг хүлээн авдаг болж байгаа юм. Мөн Иргэний нисэхийн үндэсний төв, "Чамбай зам" компанитай хамтран “Гурвансайхан" нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-г хийж дуусгасан.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу цаашид Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Шинэ зурвастай болсноор нэн тэргүүнд аюулгүй байдал хангагдаж байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчдын урсгал нэмэгдэх эдийн засгийн эерэг үзүүлэлт бий болох юм.
“Гурвансайхан” нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг
орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорьж байна гэв.