Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэх гол үндэс болдог” гэв.
Энэ удаагийн сургуульд аймгийн Онцгой комисс, 13 алба, 13 мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нарын 500 гаруй ажилтан, алба хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм. Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдах бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэж, 111 хүний амь эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учраад байгаа аж. Тэдгээрийн дийлэнхийг буюу 51.4 хувийг обьектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр, үлдсэн хувийг байгалийн бусад гамшиг эзэлж байна.
Сургуулийн нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон албаны төлөөлөл оролцжээ.
Холбоотой мэдээ

