ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн даргыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 10:24:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 24-нд хүлээн авч уулзавУулзалтад Байнгын хорооны гишүүн Г.Хосбаяр байлцав.


Уулзалтын үеэр Их Британийн нийтийн танхимын Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Тан Деси, Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Фил Брикелл нар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал болоод Монгол Улсын батлан хамгаалах салбарын бодлого, аюулгүй байдал, тус салбарын хөрөнгө оруулалт улсын төсвийн хэдэн хувийг эзэлдэг талаар тодруулж, мөн хөрш орнууд болоод гуравдагч хөрш орны бодлогын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Мөн өдөр УИХ-ын дахь Үндэсний эвсэл намын гишүүн А.Ундраа, Д.Пүрэвдаваа нар Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа оролцлоо. УИХ-ын гишүүн А.Ундраа хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг энэ удаагийн айлчлал ч хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.


Уулзалтын үеэр төсвийн оновчтой зарцуулалтыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаар УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар тодруулж, эрчим хүч болон боловсролын салбарын хөгжил, хамтын ажиллагааны боломж, хэвлэлийн эрх чөлөөний талаар харилцан санал солилцов.


УИХ дахь Иргэний зориг, ногоон намын гишүүн Б.Батбаатар, С.Замира, Р.Батболд, М.Нарантуяа нар ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Монгол, Британийн уламжлалт, найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж буйн нэг илрэл нь хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж буй явдал гэдгийг талууд тэмдэглэж, парламентын ардчилал, шударга ёс, хүний эрхийн нийтлэг зарчимд суурилан улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ