НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-26 11:01:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд  энэ сарын 24-нд уулзав. 

 

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай, ил тод болгон сайжруулах, одоогийн мандатуудын хэрэгжилтийг нягтлан үзэх, давхардлыг арилгах, бүтцийн өөрчлөлт хийх зорилго бүхий цагаа олсон шинэчлэл хэмээн үзэж манай улс талархан дэмжиж байгааг илэрхийлэв. Тэрбээр уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулахын зэрэгцээ тус сан манай ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийн хамгаалал, хөгжилд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов. 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энхтайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсад 2022 онд үр дүнтэй айлчлал хийснээ талархан дурсаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмэр маш чухал болохыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ