Б.Дэлгэрсайхан: Урт хугацааны гэрээт хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, 3.7 тэрбум ам.долларын орлого олох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-26 10:42:51

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболтыг үе шаттай барихаар  төлөвлөсөн.


Энэ ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн хоёрдугаар сард Харбин хотноо байгуулж, тавдугаар сард төслийн нээлтийг хийсэн бол бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлэв. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна энержи” группийн худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг “Монголын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулж, анхны тээвэрлэлтээ “Тавантолгой” өртөөнөөс эхлүүлжээ.  


Нээлтийн үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “2003 оноос эхлэн ярьж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийсний эцэст хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдааны асуудлыг эцэслэн шийдвэрлэж, гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, эхний ачаатай галт тэргийг хөдөлгөх түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Энэхүү нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэх, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэх, зөвхөн төмөр замын тээврээс 3.7 тэрбум долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх техникийн үзүүлэлт, технологийн  чадамж бүхий 1-р зэрэглэлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтыг сайжруулж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн, бүрэн хүчин чадлаар ажиллуулах суурь бололцоо, эхлэлийг тавьж байна” хэмээн ярьжээ.


Харин БНХАУ-ын “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Хятад, Монгол хоёр орны “Гурвыг цогцоор” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг холбосон хөшүүрэг төдийгүй Монголын ашигт малтмалын нөөцийг Хятадын зах зээлд холбон өгч буй зангилаа болж, талуудын ирээдүйн 16 жилийн урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх кнопыг дарлаа. “Сайн эхлэл нь амжилтын үндэс” гэсэн Хятадын ардын хэлц үг бий. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний Хятадын талын хариуцагч байгууллагын хувьд, “Чайна Энержи Цахим Худалдаа” ХХК нь хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг урагшлуулах анхны зорилгоо хадгалан, эрчим хүчний худалдаагаар хоёр орны ард иргэдэд бодит үр шимийг авчрах эрхэм үүргээ ямагт санаж, “Чайна Энержи” Группийн олон талт үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээний давуу талыг сайтар гаргаж, өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаагаар дамжуулж, Монголын нүүрсний борлуулалтын зах зээлд нэвтрэх шинэ хуудсыг нээж байна” гэв.


Монгол Улсад 70 жилийн дараа биелэлээ олж буй энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Манай улс “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, зөвхөн ачаа тээврээс 3.7 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцжээ. Энэхүү үйл явдал нь Монгол, Хятадын  нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой  ач холбогдолтойг талууд онцоллоо. 



Холбоотой мэдээ