“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-26 16:49:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Японы “Ниппон” сантай “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, “Ниппон” сангийн гүйцэтгэх захирал Арикава Такаши нар өнөөдөр гарын үсэг зурав.

Хөдөө, орон нутгийн 1000 оюутанд Монголын тэргүүлэгч их, дээд сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах боломжийг олгох тус тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Японд хийсэн Төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм. Тэтгэлэгт хөтөлбөр нь Монголд тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, орон нутагтаа ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутагт манлайлан ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажээ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн шаардлагатай боловсон хүчнийг орон нутгийн оюутнуудаас шалгаруулна.


Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд МУИС-д Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-д Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-д Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-д Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл чиглэлээр суралцана. Тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа эргэн ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой. 


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, “Монгол, Японы хооронд стратегийн түншлэлийн хэлэлцээртэй. 2022 оны арваннэгдүгээр сарын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японд Төрийн айлчлал хийх үеэрээ стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа хүргэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа өнгөрсөн 50 жилд хийсэн, хэрэгжүүлсэн харилцааны үр дүнг дүгнэлээ. Ингээд ирэх 50 жилд хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн түншлэлийг бий болгохоор баримт бичигт гарын үсэг зурсан. Уг баримт бичигт маш олон салбарыг хамруулсан заалтууд бий. Үүний нэг чухал хэсэг нь боловсрол. Энэ салбарт Японы Засгийн газартай хамтарч ажиллах, олон оюутныг тус улсад сургах ажлыг идэвхтэй явуулах, зохион байгуулах талаар харилцан тохиролцсон. Үүний дагуу “Ниппон” сантай хамтарч ажиллах талаар айлчлалын үеэр уг сангийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхахдаа хэлсэн. Харин 2023 онд “Ниппон” сангийн хүндэт ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа тодорхой ямар ажлуудыг хийхээ ярилцсан. Хоёр жилийн турш “Ниппон” сан, Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан энэхүү баримт бичиг дээр ажилласны үр дүнд өнөөдрийн хэлэлцээр амжилттай болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажил хэрэгжиж эхэлснээр Монгол, Японы харилцааны гүүр болоход онцгой хувь нэмэр оруулна” хэмээн ярилаа.


Харин Японы “Ниппон” сангийн олон улсын хөтөлбөрийг хариуцсан гүйцэтгэх захирал Южи Мори, “Манай сан 1990 оноос Монгол Улстай хамтын ажиллагаа эхлүүлсэн. 1992 онд Удирдлагын академид чадварлаг боловсон хүчин бэлтгэх магистрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь бидний хамтын ажиллагааны эхлэл байлаа. 2022 онд Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Японд Төрийн айлчлал хийж, тэр үед тусгай стратегийн түншлэлийн дипломат харилцаатай болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлтэй хүсэлт, санаачилгын дагуу 12 жилийн хугацаанд 1000 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулахаар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. Танай сайхан оронтой хамтын ажиллагаа улам өргөжих болтугай”  хэмээв.


Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн  салбар хариуцсан зөвлөх Ч.Лодойравсал хэлэхдээ, “Монгол, Японы “Сасакава” тэтгэлэг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа тэтгэлэг. Гол нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг цаашид идэвхтэй өрнүүлэх, орон нутагт хэрэгжилтийг хангахад манлайлах ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэдэг дөрвөн сургуультай хамтран ажиллаж байна. Ингэхдээ мэргэжлээ сонгож, цаашид үүгээрээ ажиллах хүсэл сонирхол, тэмүүлэлтэй нэгдүгээр дамжаагаа төгссөн оюутнуудыг сонгож авна. Шалгаруулсан хүүхдүүддээ гурван жилийн тэтгэлэг олгох юм. Шалгаруулалт нь маш энгийн. Нэгдүгээрт, сонгосон мэргэжлээрээ нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн байх ёстой. Хоёрдугаарт, мэргэжлээрээ орон нутагт гурваас доошгүй жил ажиллах болзлыг хүлээн зөвшөөрсөн байна. Гуравдугаарт, голч оноогоор нь эрэмбэлж, хүүхдүүдээ шалгаруулна. Шалгаруулалтын зарчим нь ойлгомжтой учраас хэн нэгний нөлөө орох боломжгүй. Хөтөлбөр хэрэгжих 12 жилийн хугацаанд 1000 орчим оюутныг тэтгэлэгт хамруулах төлөвлөгөөтэй” гэв.


Түүнчлэн Японы “Ниппон” сангийн Гадаад харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал Арикава Такаши, “Тэтгэлэгт хөтөлбөрт эхний ээлжид хоёрдугаар дамжааны 100 оюутан суралцуулна. Дөрвөн жилд 360, 12 жилийн хугацаанд 1000 оюутанд тэтгэлэг олгох юм. Оюутнууд сонгосон мэргэжлээрээ сайн суралцаж сургуулиа төгсөөд эргээд бүс нутагтаа очиж ажиллаж, эх орондоо хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид Монголын дөрвөн их дээд сургуулиудтайгаа тогтмол холбоотой, анхаарч хамтран ажиллана” гэлээ. 




Хөтөлбөрт жил бүр 100 орчим оюутныг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох бөгөөд сургуулиа төгсөөд өөрийн орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ гурван жил ажиллах нөхцөлтэй. “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь 12 жилийн турш үргэлжилж, нийт таван сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт хийх юм.










Холбоотой мэдээ