Дэлхийн монголчуудын анхдугаар наадам Брюссель хотноо болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадам Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын төвд орших үзэсгэлэнт Бүа Де Ла Камбе цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагджээ.
Тус наадамд
дэлхийн 30 гаруй улс оронд оршин суугаа 5000
орчим монгол иргэн, мөн тухайн орон нутгийн болон гадаад улсын төлөөлөл 10000 гаруй хүн оролцсон тухай Монгол Улсаас
Монгол Улсын ГХЯ, Европын улсуудад суугаа ДТГ-ууд, монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар хилийн чанадад байгуулагдсан ТББ-ууд, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сурын холбоо, Монгол үндэсний шагайн холбоо, урлаг соёлын төлөөлөл Дэлхийн монголчуудын анхдугаар наадмаа дэмжин оролцжээ.
Түүнчлэн Брюссельд суугаа гадаад улсын элчин сайд нар, Европын холбооны болон олон улсын бусад байгууллагын удирдлагын төлөөлөл оролцсон байна.
Европын орнуудад зохион байгуулагдаж байсан монгол наадмуудаас хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан эл наадамд 128 бөх, 60 сур харваач, 250 шагайн харваач оролцож хүч самбаа, цэц мэргэнээ сорьжээ.
Энэ үеэр монгол хоолны үйлчилгээ, Монголыг жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн
худалдаа, ардын гар урлал, урлагийн бүтээлийн худалдаа, консулын болон нийгмийн
даатгалын үйлчилгээ, Төрийн байгууллагуудын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ
зэрэгцэн явагдсан байна.
Монгол соёл уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой энэ наадамд Европын орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн үүсгэл санаачилгын олон тооны хамтлаг уран бүтээлчдээс гадна олонд алдаршсан дуучин А.Хишигдалай, дуучин Наки нар ая дуугаа өргөжээ. Мөн наадмын шоу цэнгүүнийг өвөрмөгц аялгуугаараа дэлхийд нэрээ гаргаж буй "Уухай" хамтлаг чимж, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ.