Монголын бизнес эрхлэгчид “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-25 12:37:33

Душанбе, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын хийж буй төрийн айлчлалын хүрээнд монголын 50 гаруй бизнес эрхлэгч тус улсын “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.


Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэр 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 250 гаруй нэр төрлийн хоёр сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай Тажикистаны аж үйлдвэрийн шинэчлэлийн бэлгэ тэмдэг үйлдвэр юм.


Тус үйлдвэр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас, албан хослол, тусгай ажлын хувцас зэргийг Япон, Итали, Орос зэрэг улсын техник тоног төхөөрөмжөөр ISO 9001:2015 чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Одоогоор 470 орчим хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 1200 хүртэл хүн ажиллуулах боломжтой дотоодын болон бүс нутгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв аж.


“Гулистино Душанбе” нь зах зээлд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил эрхлэлтийг дэмжих, болон экспортын боломжуудыг өргөжүүлэхэд нөлөөтэй, дотоодын хөнгөн үйлдвэрийн чухал нэгж болдог байна.





Холбоотой мэдээ