СЭЛЭНГЭ: Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа нь тусгай арга тактиктай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа нь
тусгай арга тактиктай. Сайн дурын хэн нэгэн унтраах асуудал биш. Ямар нэгэн
байдлаар тухайн иргэн эрүүл мэндийн болоод бусад асуудалд өртвөл хариуцлагыг
хэн хүлээх вэ гээд зохицуулах олон ажил тулгардаг.
Тиймээс
хүн бүрийг урьдчилан сэргийлэгч байгаасай хэмээн хүсэж байна гэж ОБЕГ-ын
тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг хэллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд олон удаагийн давтамжтай ой хээрийн түймэр
гарч ажиллах хүн хүч, хүнс, шатахуун, багаж, техник хэрэгслийн хэрэгцээ
шаардлага ихээхэн тулгарч байна.
Дээрх ажилд орон нутгийн иргэд хүсэл сэтгэлээрээ дайчлагдан ажиллахаас
гадна төр төсвийн байгууллагын алба хаагчид хүлээсэн үүргийнхээ хүрээнд цаг
алдалгүй нэмэлт хүчээр дайчлагдан ажиллаж байгаа.
Иймээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын
Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс ой, хээрийн түймрийн голомтод үүрэг
гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад "Ой, хээрийн
түймрийн тухай ерөнхий ойлголт, унтраах үеийн аюулгүй ажиллагаа",
"Хөдөлмөрийн аюулгүй байдал" зэрэг сэдвээр тогтмол сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөн тухайн багуудыг түймрийн голомт руу явуулж
байна.