ЗАВХАН: Аймгийн ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хэт халалт, хуурайшилтын зэрэг нэн аюултай
түвшинд хүрсэн учраас аялж зугаалахдаа түймрийн эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Завхан аймгийн ихэнх суманд энэ сарын 25-ны өдрийн байдлаар хуурайшилтын дөрөвдүгээр зэрэглэл буюу нэн аюултай түвшин тогтоод байна.
Тосонцэнгэл, Түдэвтэй зэрэг хэсэг сумдад гуравдугаар зэрэг буюу аюултай түвшин, Идэр, Тэс, Их-Уул сумдад хоёрдугаар зэрэг буюу дунд зэргийн хуурайшилт байна. Тиймээс тухайн бүс нутгийн иргэд, малчид, аялал зугаалгаар зорчиж байгаа аялагчдыг ил гал гаргахгүй байх, тамхины гал, үнс нурмыг ил задгай хаяхгүй байх. Ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгслээр явахдаа болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Манай улсад жилд дунджаар 153 ой, хээрийн түймэр бүртгэгдэж байгаагийн 95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна.
Онцгой байдлын байгууллагаас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Хэрвээ гал түймрийн аюул илэрвэл яаралтай Завхан аймгийн Онцгой байдлын газрын 7046101 утсанд мэдэгдэхийг хүсэж байна. Хүн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс сэргийлэх, асаасан галаа бүрэн унтрааж, байгальд ил задгай хог хаяхгүй байх энгийн дадлыг бий болгохыг уриалж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.