Дэлхийн экспо үзэсгэлэнгийн Монгол Улсын асраар 2.2 сая хүн зочлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-28 12:27:48

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Японд болж буй  "Осака-Кансай экспо 2025" үзэсгэлэнгийн  Монгол Улсын асраар 2.2 сая хүн зочлоод байна. 


Энэ оны дөрөвдүгээр сарын 12-ний өдөр нээсэн тус экспог одоогоор 12.5 сая хүн үзжээ. Манай улсын асарт МҮХАҮТ-ын ҮЯГ-ын дарга Ч.Баттулга, мэргэжилтэн А.Ганхүлэг, Ц.Хулан, Т.Түвшинжаргал нар ажиллаж байна. Тэд, "Монгол Улсыг Японы ард түмэн Монгол гэр, морин хуур, Асашёрюү их аварга, Хахуко их аварга нараар төсөөлөн орж ирдэг.  Мөн Монголд саяхан айлчилсан Эзэн хааны амссан ааруулыг ихээр сонирхож байна" хэмээн онцлов. 


Манай улсаас энэ удаагийн экспод МҮХАҮТ болон "Чингис хаан" үндэсний музейтэй хамтран оролцож байна. Манай улсын асар үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж буй юм.


Тус экспо үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. 










Холбоотой мэдээ