Оман Улстай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-04 14:13:28

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч ноён Абдулсалам бин Мухаммад Аль-Муршиди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уул уурхай болон хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Ноён Абдулсалам Аль-Муршиди Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлон, хэрэгжих боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийг эцэслэн тохиролцох нь гол зорилго болохыг онцлон тэмдэглэсэн юм. Харин салбарын сайд Г.Дамдинням гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бүхий л түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ