Япон улсын Элчин сайд М.Игавахара Ховд аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-05 11:24:22

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Ховд аймагт ажиллаж байна. 


Тэрбээр энэ сарын 3-нд
Олон улсын хөөмийн зургаадугаар наадмын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бол энэ сарын 4-нд  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Япон улсын Засгийн газраас Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Япон улсын Засгийн газраас "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт 22 төсөл хэрэгжүүлсэн. Тэгвэл 23 дахь төслөө Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрыг засварлахад чиглүүлж, хөрөнгө оруулалт хийхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл хэрэгжсэнээр сурагчид эрүүл, тохилог орчинд амьдрах, хөгжих боломж бүрдэх юм.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа дээрх уулзалтын үеэр Япон улсын Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Үүний дараа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Мянгад сумын 10 мВт-ын Нарны цахилгаан станц, Дөргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байр, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав.

Тэрбээр гэргийн хамт Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор төлөвлөжээ. Тус ойн баярын хурал өнөөдөр, нээлт маргааш болох юм. 

Холбоотой мэдээ