ДАРХАН-УУЛ: Улаан бурхан өвчний шалтгаантай гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-05 17:16:27

Дархан, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өчигдрийн байдлаар нэг ой хүртэлх гурван хүүхэд улаанбурхан өвчний шалтгаантай хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний нийт 114 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчний тархалт, хүндрэл нь дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд илүү их, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.


Өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй ой хүрээгүй хүүхдүүд байсныг тодотгож байна.


Насанд хүрсэн иргэд халдвар авч өвдсөн ч бага насны хүүхэдтэй харьцуулахад хүндрэх эрсдэл нь бага, харин халдвар тээгч болдог байна.

Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин. Өвчний үед халдварлах чадамж гэж байдаг бөгөөд уг өвчин нь халдварлах чадамж нь маш өндөр аж.


Тиймээс аялал зугаалгын улирал дуусаагүй, хөдөө орон нутгаар явахдаа, хүүхдийн тоглоомын талбайд тоглуулахдаа халдвар хамгааллыг сайтар баримтлах хэрэгтэйг зөвлөж байна.


Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх “Хаалга бүхэнд хүрч хүүхэд бүрийг хамгаалъя” дархлаажуулалтын арга хэмжээг улс орон даяар долоодугаар сараас эхлүүлсэн.


Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 7606 хүүхдийг дархлаажуулахаар 18 цэгийг ажиллуулж байна. Үүний есөн цэг нь байнгын, есөн нь явуулын хэлбэрээр дархлаажуулалт хийж байна.

 

Таны ойр дотны хэн нэгэн улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй, дархлаажуулалтад хамрагдаагүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Улаанбурхан өвчин нь халдвар өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм.

 

 


Холбоотой мэдээ