“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.
Нийслэлийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах уг өргөтгөсөн худалдаа одоогоор дөрвөн дүүргийн дөрвөн байршилд гарч байна. Цаашид 21 байршилд хүнс ногооны өргөтгөсөн худалдааг нээхээр төлөвлөжээ.
“Алтан намар-2025” үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт Бага тойруу гудамж дахь Барилгачдын талбай болон Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд болж байна.
Харин Баянзүрх дүүргийн Сансар үйлчилгээний төвийн гадна, Жуковын талбай, Дүнжингарав захын баруун талын талбайд хүнсний ногоо худалдаж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, ХУБТ-ын хойд тал, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер худалдааны төвүүд ажиллаж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу шинэ эцсийн буудал, Сүлжмэл компанийн урд талбай, Орбитын тойрогт өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
“Алтан намар-2025” худалдаа нь төмс хүнсний ногоог хямд үнээр, шууд тариалагчаас худалдан авах боломжийг олгож, иргэдийн худалдан авалтын нөхцлийг сайжруулах зорилготой юм.