ТӨВ: Цахилгааны хэрэглээг нарны зайн хураагуураар хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотын тулгамдсан асуудлын нэг нь өвлийн улиралд усны хоолой, дулааны шугам задарч халаалт зогсох явдал юм. Энэ талаар "Төв Чандмань" дулааны эрчим хүчний газрын дарга Д.Баярбатаас тодруулахад: "Бүх халаалтын хэсгүүдийг интернэтэд холбож, нэгдсэн хяналтын системийг бий болгохоор ажиллаж байна. Мөн усан хангамжийн хэсгийг цахимжуулж хяналтын төвөөс хянах ухаалаг системийг шинээр нэвтрүүлж, бүрэн цахимжих бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.
Дулааны 9-р хэсгийг бүрэн шинэчилж хийн зуухыг ашиглалтад оруулснаар бүрэн ухаалаг системд шилжиж, тус хэсгийн цахилгааны хэрэглээг нарны зайн хураагуураар хангаж илүүдэл эрчим хүчийг төвийн цахилгаан хангамжид нийлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн хотын төв хэсгийн дулааны шугам сүлжээний хоёрдугаар хэлхээг өргөтгөн шинэчилж, дулааны хоёрдугаар хэсгийг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байгаа юм. Дулааны 3-р хэсгийг сумын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж, цахим худгуудийг нэмэхээр ажиллаж байна.