Ц.Батнасан: Увс аймгийнхаа 100 жилийн ойг угтаж Галдан бошигт хаан, Ану хатны хөргийг эсгийн дээр ширж урласан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны наймдугаар сарын 09 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс сумын иргэн, соёлын өв тээгч, эсгий ширмэл урлаач Цэрэнгомбын Батнасантай цөөн хором ярилцлаа.
-Та хэдий хэр хугацаанд эсгий
ширмэл урлаж байна вэ?
-Эсгий урлалыг ээж маань ээжээсээ сурч, намайг хүүхэд байхаас зааж сургасан. Би дөрөв дэх үеийн өвлөн уламжлагч. Манайх их олон хүүхэдтэй айл байсаан. Дээр үед юм ховор хэцүү цагт хивс гэдэг чинь нүдний гэм шүү дээ. Ээж маань хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь ширдэг ширж өгдөг байсан. Долоон охиндоо хийх ажлыг хуваарилаад өгчихдөг учраас бид өдөр бүр утас ээрч, ноос угааж, зээг томнож, эсгий дарж, ширдэг байлаа. Би хамгийн анх суудлын жижиг олбог урлаж, тэр цагаас хойш эсгий урлалаар юу хийж бүтээж болохов, энэ соёлыг түгээн дэлгэрүүлье гэж зүтгэж ирсэн. Одоо бол түүх бүтээе гэж бодоод хөрөг зураг урлаж байгаа.
-Эсгийн дээр хүний дүр төрхийг урлана гэхээр нарийн арга ажиллагаа шаарддаг байх. Таны ур чадвар улам сайжирч буйн илэрхийлэл шүү дээ. Хичнээн хүний хөрөг бүтээв?
-Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмаар 19 сум тус бүр гэр барьж, угсаатны зүй, өв соёлоо сурталчилсан юм. Тэр үеэр Тэс сумаа төлөөлөн эсгий ширмэл гэрээ барьсан. Наадамчин олны хөлд ч их дарагдлаа. Аймгийнхаа түүхт 100 жилийн ойг угтаж, Галдан бошигт хаан, Ану хатны хөргийг хамтад нь эсгийн дээр ширж урласан. Тэгэхдээ Галдан бошигт хааны “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээх алдарт үгийг мөн эсгийн дээр ширсэн. Ой болохоос зургаахан хоногийн өмнө энэ ажлаа амжиж дуусгасан даа. Сүүлийн үед Ойрадын түүхийг нэлээд уншиж судлаж, бүтээлээ урлаж байгаа. Ноднин жил "Чингис хааны их нүүдэл" бүтээлээ ширж урласан нь онцлох түүхэн бүтээл болсон. Мөн Алунгоо эхийн хөрөг дүрийг таван хүүтэй нь хамт эсгийгээр ширж урласан.
-Өнгөрсөн хугацаанд Та иж бүрэн эсгий ширмэл гэр хэдийг урлав?
-2016 онд анх иж бүрэн эсгий ширмэл гэр оёх хүсэл төрж, дөрвөн жил уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд зорьсондоо хүрсэн. Тэр гэрийг маань ОХУ-ын Тува улсын Ерөнхийлөгч худалдаж авсан л даа. Мөн хүмүүс их сонирхож, зарах уу, дахиж хийх үү, захиалга авах уу гэж асууж сураглаж байсан. Дараагийн гэрүүдийг гэвэл Кызылд үзэсгэлэнд оролцох үеэр Тува улсын Засгийн газрын эдийн засагч бүсгүй худалдаж авсан. Сүүлд Германы Монголч эрдэмтэн, зохиолч эмэгтэй нэг гэр, 2022 онд "Нүүдэлчин" фестиваль болоход Австралид сурч, амьдардаг Монгол эмэгтэй нэг гэр, Улаанбааратын хоёр уяач мөн гэр авсан юм байна. Гэр доторх эд хогшил нь иж бүрэн эсгий ширмэл зургаан гэрийг өнгөрсөн хугацаанд урлаж, худалдан борлуулсан маань манай хамт олны хүч, уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Эсгий ширмэл бол тэсвэр тэвчээртэй сууж чаддаг хүний хийдэг ажил. Би Увс аймгийн Тэс сумын Соёлын төвийн эрхлэгчээр 11 жил ажилласан. Тухайн үедээ эсгий ширмэлийн дугуйланг соёлын төвдөө хичээллүүлж, 100 гаруй шавь бэлдсэн. Тэр дундаас 20 гаруй эмэгтэй захиалга ирсэн үед эсгий ширмэл урлаж надад тусладаг юм. Би тэднийгээ 21 дахь эх гэдэг.
-Танд баярлалаа.