Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр ажиллалаа.
Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ
хэрээр ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажилладаг. Тус төвийн Яаралтай
тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг. Улсдаа ганц нарийн
мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга баригдаад 38 жилийн хугацаа
өнгөрсөн байна. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд
үйлчлүүлдэг. Хүүхэд бүрийн ард 1-2 хүн дагаж явдаг гэвэл өдөрт 3500 орчим хүн
зөвхөн амбулаториор үйлчлүүлдэг.
Амбулаторийн ачааллыг бууруулахаар барьж буй барилгын ажил
дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар
ажиллаж байгаа аж. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийгээ
дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах
боломж бүрдэнэ. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж
нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33
кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн
өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар архаг ангилалд багтдаг хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх онд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.