Урлагаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-12 18:20:49

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нүүдэлчин ухаан-2025” олон улсын хөтөлбөрийг  хоёр дахь удаагаа зохион байгууллаа.


Европын Холбооны Соёлын Институтын Нэгдлийн Монгол дахь салбар санаачлан хэрэгжүүлж буй “Нүүдэлчин ухаан” олон улсын хөтөлбөр нь урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

2024 онд эхлүүлсэн тус хөтөлбөрийг зургаадугаар сарын 14-26-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд зохион байгуулсан байна.

Тус хөтөлбөр орон нутгийн иргэдийг байгаль, соёл урлагаар дамжуулан холбох зорилготой бөгөөд Монгол, Финланд, Франц, Австри, Герман зэрэг орны  уран бүтээлчид оролцов.


Энэхүү олон улсын хөтөлбөр 10 гаруй хоногийн турш үргэлжилж уран бүтээлчид ханын зураг, инстоляц, анимейшн, бүжиг, уран зураг зэрэг бүтээлүүдийг орон нутгийн хүүхэд, иргэдтэй хамтран туурвиж, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Уран бүтээлчид орон нутгийн иргэдтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, байгальтай харилцах хандлагын тухай ярилцаж, түүнийг бүтээлдээ тусгаснаараа онцлог байв.


Тус хөтөлбөрийг Европын Холбооны  Соёлын Институтын Нэгдлийн санхүүжилтээр Монгол Францын Соёлын төв, Монгол дахь Гёте-Институт, Бээжин дэх Финландын ЭСЯ, Бээжин дэх Австрийн ЭСЯ, Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо болон түүний харьяа Нүүдлийн Улаан Булан олон улсын артист резиденс хамтран хэрэгжүүлэх юм.  Төслийн куратороор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа ажиллаж байгаа ажээ.


Европын Холбооны Соёлын Институтын Нэгдэл нь Европын Холбооны гишүүн болон холбогдох 39 орон, үндэсний соёлын байгууллагуудын хамтарсан сүлжээ юм. Монгол дахь салбар нь хоёр талын соёлын харилцааг хөгжүүлж, бидний өмнө тулгараад буй нийгэм, байгаль орчны  нийтлэг  сорилтыг  урлагаар  дамжуулан  хамтдаа  шийдвэрлэх  зорилгоор  үйл ажиллагагаа явуулж байна.






 

Холбоотой мэдээ