Усны компакт гэрээний дагуу төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-08-18 09:45:34

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. АНУ гадаад тусламжийн хөтөлбөрүүдээ хянан үнэлсний дараа Мянганы Сорилтын Корпорац (МСК), Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Усны компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийджээ. 


Америкийн ард түмний тусламж болох 350 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт 112 сая ам.долларын хамтарсан санхүүжилт бүхий Усны компакт гэрээ нь АНУ, Монгол Улсын стратегийн хамтын ажиллагааны тулгуур багана юм. Tetra Tech, AECOM зэрэг Америкийн компани бүтээн байгуулалтын зураг төсөл, хяналтыг тэргүүлэн гүйцэтгэж, АНУ-ын усны дэд бүтэц, инженерчлэл, технологийн чиглэлээрх туршлага, чадавхыг компакт хөтөлбөрийн хүрээнд нутагшуулж байна.


Элчин сайд Ричард Буанган “Энэхүү цогц хөтөлбөр нь хүн амын дийлэнх нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ус хангамжийн урт хугацааны найдвартай, тогтвортой байдлыг бүрдүүлж, Монгол Улсын бие даасан байдал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад чиглэсэн хөгжлийн бодлогыг урагшлуулах юм. Дэд бүтцэд чухал нөлөө үзүүлэх энэ хөрөнгө оруулалт нь Монгол Улсыг худалдаа, бизнесийн найдвартай түншийн байр сууринд хүргэхэд туслах болно” хэмээн онцлов.


Төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын 1.5 сая гаруй оршин суугчийн ундны усны аюулгүй байдал, тогтвортой хангамжийг дорвитой нэмэх юм.

Холбоотой мэдээ