Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ Японд гаргах боломж бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-18 17:19:24

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Бизнес инновацын газар, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран “Монгол Японы олон улсын бизнес инновацын форум-2025”-ыг МҮХАҮТ-д зохион байгууллаа. 


Монгол-Японы бизнес түншлэлийн хүрээнд дөрөв дэх удаагаа болж буй энэ уулзалт нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, дэмжих зорилготой. Энэ удаад “Хамтдаа бүтээх ирээдүй” сэдвээр Монголын 400, Японы 150 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгч оролцож, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, ICT инновац, хөдөө аж ахуй болон хоёр орны хоорондын бизнесийн шинэ боломж, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ. 


Япон Улс манай улсад 1990 оноос хойш 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны 60 хувь нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хойш байна. Цаашид хоёр талын түншлэлийн үр шимийг сайжруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих нь чухал хэмээн оролцогчид онцлов.


"Говидара" компанийн захирал Б.Цэнгэлмаа, "Манайх уламжлалт анагаах ухааныг эм зүйн шинжлэх ухаантай хослуулан инновац шингээсэн бүтээгдэхүүн гаргадаг. Монголчууд эрт үеэс арц, гангыг шатааж ашиглаж байсан бол орчин үед шүршдэг хэлбэрээр агааржуулагч, үнэртүүлэгч маягаар хэрэглэж байна. Жуулчны улирлын үеэр “Монголын үнэртэй салхи” гэсэн мессежийг хүргэхээр зорьж байгаа. Япон хэрэглэгчид шүршдэг гангад дуртай. Үүнийг хэрэглэхэд монголын тал хээр нутагт байгаа мэт санагддаг гэсэн. Олон улсад гарахын тулд кластер байдлаар хөгжих хэрэгтэй. Энэ нь мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгч, гарааны компани, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, банк санхүү, эрдэм шинжилгээний байгууллагыг багтаасан том сүлжээ юм. Манайд одоогоор косметик, ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн системээр хөгжиж байна. Ингэснээр бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хүртээмжтэй экспортлох боломж бүрдэнэ" хэмээв. 


Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагаа нь банк санхүү, харилцаа холбоо, дэд бүтэц гээд томоохон салбарыг хамардаг. Сүүлийн жилүүдэд жижиг дунд, гарааны бизнесийг дэмжиж зах зээлд орон зай бий болгоход анхаарч байна. Хоёр улсын худалдааны нөхцөл байдлыг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхойлдог. Одоогоор гадаад худалдааны тэнцэл нь 1:99 буюу Японы тал 90 гаруй хувийг эзэлж байна. Цаашид түншлэлийн үр шимийг хоёр тал  хүртэж, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах шаардлага бий. Монголд хөрөнгө оруулж буй  бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нь төрийн үүрэг. Иймээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйн орчныг тодорхойлсон баримт бичгийг цогцоор нь шинэчлэхийг зорьж байна” гэв.


Форумын үр дүнд жижиг дунд, гарааны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ японы зах зээлд гаргаж байна. Өнгөрсөн онд болсон форумын дараа Монгол-Японы хамтарсан IT консерциум байгуулж, энэ чиглэлийн гарааны компаниуд японы зах зээлээс томоохон ажил авчээ. Мөн гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг, олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Шибуяа Старт саппорт” байгууллага монголын гарааны 14 компанийн дунд төслийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Шалгарсан төслийг Японы Шибуяа дүүрэгт 6 сарын хугацаанд бойжуулах аж. 








Холбоотой мэдээ