Н.Учрал: Эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг дараагийн шатанд гаргах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-18 17:43:38

 Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газраас Монгол-Японы “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг  дараагийн шатанд гаргахад анхаарч байна. 


Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй уулзах үеэрээ үүнийг тодотгож, хэлэлцээрийг үр дүнтэй үргэлжлүүлэх тухай санал солилцов. Мөн хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалтай холбоотой хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг онцолсон юм. 

 

Тэргүүн Шадар сайд Н.Учрал “Хоёр улсын гадаад худалдааны тэнцэлд Японы тал 90 гаруй хувийг эзэлж байгаа нь түншлэлийг дараагийн шатанд гаргах шаардлагатайг харуулж байна. Худалдааны тэнцвэргүй байдлыг багасгахын тулд гаалийн тарифтай холбоотой зохицуулалт хийх хэрэгтэй. УИХ-ын намрын чуулганаар стандарт тохирлын үнэлгээний тухай шинэ хуулийг баталж, стандартаа харилцан тохируулахад анхаарна. Мөн гаалийн байгууллагатай холбоотой нийтлэг журмыг шинэчлэн боловсруулснаар бизнесийн орчны хүнд суртлыг багасгаж, монголд шинээр бизнес эхлүүлэхэд таатай орчин бүрдэнэ” хэмээлээ.

 

Элчин сайд Игахавара Масарү “Японы бизнесийн төлөөлөл Монголоос экспорт хийх боломжийг илүү сонирхож байна. УИХ-ын шинээр батлах хуулиуд хөрөнгө оруулагчдад олон боломж олгоно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 

Талууд экспортыг тэлэхийн тулд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг нөөцөд тулгуурлах боломжтойг тодотгожээ.  




Холбоотой мэдээ