Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатыг амжилттай хэрэгжүүлсэн, 3 дугаар шатыг хэрэгжүүлэхэд дэмжиж буйд талархал илэрхийлэв. Энэ төсөл нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд их хувь нэмэр оруулж, ой нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргасан, бодит бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, БНСУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурджээ.
Түүнчлэн хоёр тал хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцлоо. Үүнд, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарт зориудаар нөлөөлөх, уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингийн шинэчлэл чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, COP17-ын бэлтгэлийн талаар мэдээлж, хурлын байр, байгууламжийн зардалд БНСУ-ын Засгийн газраас шууд, шууд бус санхүүжилтийн дэмжлэг хүслээ.
Монгол Улс COP17-ын хүрээнд олон улсын бэлчээр, усны менежмент, нөхөн сэргээлт, ойжуулалт зэрэг санаачилгыг дэвшүүлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын үйл ажиллагаа, уулзалт, санаачлагыг дэмжиж ажиллахад санал нэгджээ.